Гурванбаян тосгоны төрийн албан хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-17 12:49:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын баг Өмнөдэлгэр сум, Гурванбаян тосгонд энэ сарын 16-нд ажиллалаа.

Энэ үеэр төрийн албан хаагчидтай уулзалт хийж, тус тосгоны захирагчийн ажлын албаны байрт их засвар хийж, төрийн албан хаагчдыг тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн 2020-2024 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсвийн талаар танилцуулга хийхийн зэрэгцээ тус тосгоны 20 гаруй мянган га эргэлтийн талбайг бүрэн ашиглах, газар тариалангаас орлого нэмэгдүүлэх, сумын дулаан хангамжид анхаарахыг чухалчлав.

Гурванбаян тосгонд өнгөрсөн жилийн зун, намар хур бороо элбэгтэй тариа сайн хураасан, малчид 2600 тн өвс хадлан бэлдсэн, одоогийн байдлаар 40 хувийг нь зарцуулсан дүн мэдээтэй байна. Мал улдхааргүй, бэлчээртээ мал тогтож байгаа, малчид санал гомдолгүй гэж тосгоны захирагч Г.Нацагдорж мэдээллээ. Тус тосгон 2020 оны мал тооллогын дүнгээр 90612 мал тоолуулсан байна. Мөн өнгөрсөн жил газар тариалангийн 11123 га талбайд уринш хийсэн, энэ жил 11 мянган га-д тариалалт хийх төлөвтэй байна.

2018-2020 онд сургууль, эмнэлгийн дээврийн засвар, соёлын төвийн их засвар хийсэн бол энэ онд сургуулийн их засварын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх юм байна.

Үүнчлэн эрүүл мэндийн төвөөс таван сая төгрөгийн тоног төхөөрөмж, тосгоны цэцэрлэгээс 1983 оны зарим ширээ, сандлаа солих хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжиллаа.

 

Холбоотой мэдээ