АНУ, Оросын цэргийнхэн хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-29 11:32:52

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Сирид явуулж болзошгүй ажиллагааны улмаас зөрчилдөөн гарахаас зайлсхийх зорилгоор хоёр орны цэргийхэн хооронд хэлэлцээ хийх тохиролцоонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар даваа гарагт хүрчээ. Энэ тухай Америкийн Засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Хоёр орны удирдагчид мөн Сирийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулах хувилбарыг судлахаар тохиролцсон боловч Ерөнхийлөгч Башар Асадын цаашдын хувь заяатай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй аж.

АНУ-ын Засгийн газрын түшмэлийн хэлснээр, бүтэн хагас цаг үргэлжилсэн Путин, Обама хоёрын уулзалтын гол сэдэв нь Украин, Сирийн асуудал байв.

Сирийн мөргөлдөөнд ОХУ хөндлөнгөөс оролцож магадгүй, гэхдээ энд хуурай замын ажиллагааны тухай яригдаагүй гэж Путин Обаматай уулзсаныхаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ. ОХУ-ын удирдагчийн цохон тэмдэглэснээр, тус улс зөвхөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт үндэслэн Сирид террористуудтай тэмцэхэд оролцоход бэлэн байна.

АНУ болон ОХУ терроризмтой тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд үүний тулд хамтарсан механизмыг бий болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Путины онцлон дурджээ.

Путин урьд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэрээс үг хэлэх үеэрээ Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх АНУ болон Өрнөдийн орнуудын бодлогыг шүүмжилсэн байна. Тэрбээр Орост террорист байгууллагуудын тоонд оруулж, хориглосон “Лалын улс” бүлэглэлийн зүгээс учирч буй аюул заналын тухай асуудлыг хөндөн тавьжээ. Террористууд бол “маш харгис хэрцгий” боловч тэнэг, болхи хүмүүс биш болохыг Путин цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын төрийн тэргүүн дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахдаа терроризмтой тэмцэх бааз суурийг бий болгохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд