Хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын баг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-12 18:28:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэй хуралдлаа.


Хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, тогтоолыг баталлаа. Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-нд өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорих, нутагшуулах, түүнийг бүртгэж, хамгаалах, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, хадгалах, ашиглах, үрийн тариалан эрхлэх, тарих үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн худалдаа эрхлэх, үрийн нөөц бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Ингээд тус хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Д.Өнөрболор нар ажиллах боллоо.


Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг шинэчлэн байгуулав.  Хуулийн төсөлд онгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амыан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Тус төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллана.


Байгалийн ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, ургамлын генетик нөөцийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ургамлын тархац, нөөц тогтоох, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-нд Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. УИХ 2020 оны 01 дүгээр сарын 09-нд төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын багийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ц.Туваан, Г.Тэмүүлэн нар ажиллана.  


Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. УИХ-ын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар 2019 оны 03 дугаар сарын 22-нд төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Гадаргын ба газрын доорх усны нөөцөөс хамаарч түүний ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоох, ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах, цэнгэг усны ордыг аж үйлдвэрлэл болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох, усны хомсдолын түвшинг тогтоох аргачлалыг батлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Ганболд, С.Ганбаатар, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Ц.Туваан нар ажиллахаар Байнгын хорооны тогтоол баталлаа.


Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Ажлын багийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Бейсен, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл, Н.Ганибал нар ажиллахаар болов. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортлож байгаа хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалтыг тавьснаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг ханган хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих таатай орчин бүрдэнэ гэж үзэн хууль санаачлагчид нь энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.


Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Ажлын багийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Н.Өнөрболор, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, байгаль орчны салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-нд өргөн мэдүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ