Швейцар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сунгахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-07 13:55:57

БЕРН. /Swissinfo/. Швейцарт коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд өнгөрсөн сараас хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлснийг үл харгалзан нөхцөл байдал хүндэрч байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Ален Берсет лхагва гарагт мэдэгдлээ.


“Халдварын үзүүлэлтүүд 12 дугаар сарын эхэн үеийнхээс илүү юм уу ойролцоо түвшинд хэвээр байна. Бид нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар, мөн зоогийн газар, шөнийн цэнгээний газар, соёл, спортын газруудыг хаах хугацааг хоёрдугаар сарын эцэс хүртэл талаар хэлэлцэж байна” гэж тэрбээр мэдээлжээ.


Эцсийн шийдвэрийг муж, бүс нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвлөлдсөний дүнд ирэх долоо хоногт гаргах төлөвтэй байна. Мөн А.Берсетийн мэдээлснээр, Засгийн газар хязгаарлалтуудаас үүдэлтэй нөлөөг бууруулахын тулд эдийн засгийн нэмэлт тусламжийг үзүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгаа ажээ.  


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Швейцарт 470 мянга гаруй хүн халдвар авч, 8064 хүн нас баржээ. Мөн лхагва гаргийн байдлаар Швейцарт Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан 28 тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ