Өвс, тэжээлийн үнэ их, хүрэлцээ муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-06 16:45:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт нэг боодол өвс 14 000-16 000 төг, нэг шуудай тэжээл 25 000 төгрөгийн үнэтэй байгаа ба хүрэлцээ муу байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн Засаг даргын нөөцөд байсан 184,0 тн өвс, 95,7 тн үйлдвэрийн тэжээл, Засгийн газрын дэмжлэгээр ирсэн 240,0 тн өвс, 60,0 тн үйлдвэрийн тэжээлийг 15 суманд хуваарилж олгосон байна. 

Сүүлийн хоногуудад цаг агаар эрс хүйтэрч, зарим үед цасан шуурга шуурч, цаг агаарын байдал хүндэрч байгаа тул малчид муудсан малаа тэжээж байна. Тиймээс өвс, тэжээлийн эрэлт их байгаа ажээ.

Тус аймгийн малчдын 50 гаруй хувь нь гадны аймгийн нутагт өвөлжиж байна. Тодруулбал, 1 238 өрхийн 829 930 толгой мал, аймаг дотор 842 өрхийн 458 282 толгой мал 12 аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа юм.

Аймгийн Онцгой комисс, холбогдох байгууллагуудаас дөрвөн ажлын баг гарч зарим аймаг, сумдын удирдлагуудтай уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулж, отроор яваа малчдын нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. 

Цаашид Дорноговь, Говь-Сүмбэр аймагт Дундговийн олон малчин оторлож байгаа тул аймгийн ХХААГ-аас дээрх хоёр аймгийн нутагт отрын штаб байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ба отрын штаб гарган ажиллуулахад шаардагдах зардалд 50,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай саналаа ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ