Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өвөлжилт улам хүндрэх шинжтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-06 16:35:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 5-6-ныг шилжих шөнө Дундговь аймгийн нийт нутгаар хүйтэрч агаарын хэм зарим сумын нутаг дэвсгэрт -38 градус хүрчээ.

УЦУОШТ-ийн мэдээлснээр агаарын хэм шөнөдөө Цагаандэлгэр, Говь-угтаал, Адаацаг суманд хамгийн хүйтэн хонож, агаартаа -38 градус, хөрсөндөө -39-41 градус хүрч хүйтэрсэн байна.

Харин өнөөдөр өдрийн байдлаар агаарын хэм Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн суманд -25-26 градус, бусад сумын нутагт -21-24 градус хүйтэн байна.

2021 оны нэгдүгээр сарын 6-13-ныг хүртэлх цаг агаарын төлөвөөр ойрын хугацаанд цас орохгүй, салхи ихэнхдээ баруун хойноос секундэд 6-11 метр байх ба өнөө, маргаашдаа хүйтний эрч чангарч, шөнөдөө -33-38 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус хүйтэн байх ажээ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын хэм өмнөх өдрүүдийнхээс 3–5 градусаар хүйтрэх ба ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.

Дундговь аймаг өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын нэг юм. Ойрын өдрүүдэд ийнхүү хүйтэрч байгаа нь тарга хүч муутай, идэш хоол багатай малын хувьд хүндхэн байгааг малчид хэлж байна.

Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өвөлжилт улам хүндрэх шинжтэй байгааг аймгийн ХХААГ-аас онцолж, малын хорогдол гарч эхэлж байгааг мэдээллээ. 

Холбоотой мэдээ