Турк улс Германаас Элчин сайдаа эгүүлэн татав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-03 08:48:04

АНКАРА. /NHK/. 100 жилийн өмнө Оттоманы туркчууд арменчуудыг хөнөөснийг “геноцид” гэж тодорхойлсон тогтоолыг Германы парламентын доод танхим баталжээ. Харин ийм тогтоол баталсныг Турк эрс эсэргүүцэж байна.

Уг тогтоолыг өчигдөр баталжээ. Дэлхийн I дайны үед 1915 онд Оттоманы эзэнт гүрний туркчууд христийн шашинт 1.5 сая орчим армен хүний аминд хүрсэн гэж түүхчид үздэг. Германд туркчууд олноороо амьдардаг учир ХБНГУ энэ асуудалд болгоомжтой хандсаар иржээ. Харин арменчуудыг үй олноор нь хөнөөснөөс хойш зуун жил өнгөрснийг 2015 онд нэхэн дурсах үед уг маргаантай асуудлыг нэн даруй шийдэхийг германчууд уриалах болсон байна.

20 гаруй улс, тэдгээрийн дотор Франц болон Итали энэ аллагыг “геноцид” гэж тодорхойлоод байгаа билээ.

Германы парламент дээрх тогтоолыг баталсны дараа Туркийн Засгийн газар тус улсаас Элчин сайдаа эгүүлэн татжээ.

Туркийн хувьд байлдааны үеэр олон армен хүн амиа алдсаныг хүлээн зөвшөөрдөг боловч геноцид байсан гэдгийг няцаасаар ирсэн юм.

Европын Холбоо /ЕХ/ руу цувж байгаа цагаачид болон дүрвэгчдийн урсгалыг хязгаарлахын тулд энэ оны дөрөвдүгээр сараас Турк улс ЕХ-той хамтран ажиллаж эхэлсэн билээ. Хоёр тал одоо цагаачид болон дүрвэгчдийг Грекээс Турк руу буцаахаар төлөвлөж байна.

Германы баталсан тогтоолыг эсэргүүцэж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр илэрхийлээд “энэ тогтоол нь Турк-Германы харилцаанд ноцтойгоор нөлөөлнө” гэжээ.

Ийм тогтоол баталсныг Туркийн Засгийн газар “үндэслэлгүй бөгөөд утга учиргүй хэрэг” гэж мэдэгджээ.

 

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ