Мал тооллогын дүн хүлээгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-04 14:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогыг өнгөрсөн оны 12 дугаар сард багтаан богино хугацаанд шуурхай зохион байгуулахаар төлөвлөсөн юм. 12 дугаар сарын 17-ноос эхэлсэн улсын хэмжээний мал тооллогын урьдчилсан дүн хараахан гараагүй байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Шинэ оны босгон дээр урьдчилсан байдлаар гардаг мал тооллогын дүн энэ жил "COVID-19"-ийн цар тахлын халдвараас хамгаалах бэлэн байдлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг сахих зэргээр хугацаа орж байгаа аж. Мөн энэ жилийн мал тооллогоор эхний ээлжинд отроор өвөлжиж буй малын тоог гаргаж байгаа учир цаг хугацаа шаарджээ. Гэхдээ аймгуудын мал тооллогын хувь хангагдаж, хяналтын тооллого дуусаад байна. 


Энэ жил "COVID-19"-ийн халдварын голомтод байгаа аймгуудад малын тоо толгойг сумд дахь малчдын дансыг үндэслэн, мөн тусгаарлалтад болон хөл хорионд байсан айл өрхийн малыг цахимаар тоолжээ. Мал тооллогын үеэр халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд барьж ажиллах зөвлөмжийг ХХААХҮЯ, ҮСХ, мэргэжлийн хяналт, онцгой байдлын зэрэг холбогдох байгууллагаас бүх аймаг, суманд хүргүүлжээ.


Өнгөрсөн 2019 оны мал тооллогоор манай улсын мал сүрэг 70 гаруй сая толгойд хүрч байв. Үүнээс:

  • ямаан сүрэг 2.1 сая болж, 2018 оноос 7.8 хувиар өссөн байв. 
  • Хонь 1.7 сая байж 5.6 хувиар, 
  • үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувиар, 
  • адуу 273.7 мянгаар буюу 6.9 хувиар,  
  • тэмээ 12.7 мянган толгойгоор буюу 2.8 хувиар тус тус өссөн дүнтэй гарч байв. 

Холбоотой мэдээ