Сайжруулсан түлшний үнэ хямдарснаар нэг айл 450 мянган төгрөг хэмнэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн ч төлбөр өндөр гарч байгаа тухай мэдээлэлд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр албан ёсоор тайлбар өгсөн. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Гэр хороололд цахилгаан халаагуур хэрэглэж байгаа шинэ хэрэглэгч хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?
-Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг нь үндэслээд түүнтэй ижил хэрэглэгчийн дундажтай дүйцүүлж хөнгөлөлтийн хэмжээг тогтоож байгаа. Мөн өнгөрсөн онд цахилгаанаар халаалтаа шийдээгүй байж байгаад энэ жил шийдсэн бол үүнийг мөн ижил хэрэглэгчийн дундажтай дүйцүүлж гаргах юм.
-Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан. Үүний улмаас түлшний нийлүүлэлтэд хязгаар тогтоосон уу?
-Энэ жил сайжруулсан шахмал түлшний хэрэглээ хоёр шалтгаанаар нэмэгдэж байна. Нэгдүгээрт, энэ онд цаг агаар олон жилийн дунджаас 7-10 хэмээр хүйтэн байгаа. Хоёрдугаарт, өнгөрсөн онд сайжруулсан шахмал түлшээр хангадаггүй байсан хороодыг энэ жилээс хамруулах болсон, дунд хүчин чадлын халаалтын зуухнуудад сайжруулсан шахмал түлш түлдэг болсон. Өнгөрсөн онд 480 мянган тонн түлш хэрэглэсэн бол энэ жил 710 мянган тонн байхаар урьдчилсан захиалга бий. Налайх дүүрэгт барьсан шинэ үйлдвэрт хоногт 1700 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Ингэснээр дутагдал үүсэхгүйгээр түлш хангамж хэвийн явж байна. Анх сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ замбараагүй хэрэглээг хязгаарлах, үйлдвэрийн хүчин чадалдаа нийцүүлэх зорилгоор айл өрхүүдэд 7 хоногт 6 шуудайг олгох журам баталсан. Хэрэглэгч нарт үүнийг хүрэлцээтэй гэж үзэж байгаа.
Түлшний үнийг 75 хувиар хямдруулснаар 7 сарын хугацаанд нэг айл өрхөд 450 мянган төгрөг хэмнэж байгаа юм. Шахмал түлшний түүхий эд, нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүд иргэдээс иргэний үнэмлэх шаардах учиргүй. Хэрэглэгч нар картаараа журмын дагуу авах ёстой.
-Айл өрхүүдэд 7 хоногт 6 шуудай түлш өгч байгаа. Үүнийг нэмэх боломж бий юу?
-Энэ жилийн хувьд нэмэх боломжгүй. Бид маш сайн судлаад дунджаар 6 шуудай байхад хангалттай гэж тооцсон. Мөн цахилгааны төлбөрийг төр хариуцаж байгаа учраас олон айл халаалтаа цахилгаанаар шийдвэрлэж байгаа. Тиймээс иргэдэд хүндрэл гарахгүй гэж үзэж байна. Мөн иргэд сайжруулсан түлшийг орон нутаг руу зөөх зөрчил илэрч байгаа.