Г.Занданшатар: Ирэх онд зээлийн хүү нэг оронтой тоонд шилжих нөхцөл бүрдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-31 12:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны отгон чуулган өндөрлөлөө. Энэ оны отгон хуралдаанаар Авлигын эсрэг хууль, Гамшгаас хамгаалах тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Коронавируст /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Бид сорилт бэрхшээлээр дүүрэн 2020 оноо үдэж байна. Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиосон энэ онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” эрх зүйн хувьсгалын эхийг тавилаа. Өнөөдөр баталсан Авлигын эсрэг хууль, УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого төлөлвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай зэрэг суурь 10 орчим хуулийг баталлаа. Хэдхэн хоногийн өмнө Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Бага Үндсэн хууль хэмээгддэг энэ хуулиар засаг захиргааны томоохон шинэчлэл хийх эхлэлийг тавьсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна хэмээн заасан.

Үүний дагуу “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг  2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлаад байна. Үүнтэй нийцүүлэн экспортыг дэмжих эдийн засгийн загварыг төлөвшүүлэх, эдийн засгийн хөгжлийн бие даасан бүтэцтэй болох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг батлах ажлын баг ажлаа дуусгаж байна. Энэ хүрээнд эдийн засгийн хувьсгалыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан ирэх онд хийх зорилт тавилаа. Ардчиллын суурь зарчим болох ард түмэнтэйгээ хэлэлцэж, зөвлөлдөж хууль баталдаг, ард түмний засаглах эрхийг хангасан парламент болох шинэчлэлийг бид эхлүүлсэн. Ил тод, цаасгүй, цахим парламент болохын тулд lawmaker.mn, lawforum.mn цахим системийг иргэддээ танилцууллаа. Ингэснээр иргэдтэйгээ хамтран хууль, тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцдэг, хэлэлцүүлгийн явцад ч ард түмэнтэйгээ зөвлөлддөг шинэ тогтолцоог бий болголоо.

УИХ-ын гишүүд ч энэхүү тогтолцоог байнгын хэрэглээ болгож, иргэд олон нийтийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд хангах, тэдний санал бодлыг тусгахад онцгойлон анхаарахыг хүсье. Энд Боловсролын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үндсэн хуулийн 6.2 дахь заалт зэрэг бүх хуулийг оруулж байгаа. Манай парламент коронавирусний халдвараас иргэдийн амьжиргаа, эдийн засгийг хамгаалах олон чухал шийдвэр гаргасан. Хөл хорионы дэглэмийн үед УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, цахимаар хуралдаж, цар тахалтай тэмцэх хууль, тогтоолуудыг баталсан. Монгол бол Англи улсын дараа цар тахалтай тэмцэх хуультай болсон хоёр дахь улс. Английн жишгийг судалж, энэ хуулийг баталсан. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжих хугацааг дахин 6 сараар сунгалаа.

Мөн түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгууль, алдангиас чөлөөлөх хуулийг баталлаа. Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөх боллоо. 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөгийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл олгох болж, банкны зээлийн хүү, ипотекийн зээлийн хүүг буурууллаа. Ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна. Ирэх онд зээлийн хүү 1 оронтой тоо руу орох нөхцөл бүрдэж байна. Ийм учраас УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг өчигдөр хуралдаж, Макро эдийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч, баялаг бүтээгчдийг төрөөс “COVID-19”-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төвбанканд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан орцуулах зорилго бүхий нэг их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоолыг өргөн барилаа. Энэ бол шинэ оны босгон дээр эдийн засгаа дэмжих, эрч хүчийг нь нэмэх, цар тахлын дараа ч хүү багатай зээлээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих багц асуудлыг бид шийдвэрлэх болно. Ийнхүү УИХ цар тахлаас улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэл, бизнес, эдийн засшийг дэмжих бодлогоо 2021 онд ч тууштай үргэлжлүүлэх болно.


Учран золгож байгаа 2021 онд та бид шударга ёс, сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх эрх зүйн хувьсгал, өсөлтийн үр шим нь өрх, иргэн бүртээ хүрсэн ядууралгүй, экспорт эрчимжсэн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай болоах эдийн засгийн хувьсгал, эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтэй дэлхийн түвшний Монгол хүнийг төлөвшүүлж, авлигагүй, амар тайван нийгмийг бүтээх нийгмийн хувьсгал хийх эрхэм зорилтыг хэрэгжүүлэх болно. Ардын хувьсгалын 100 жилээ энэ эрхэм зорилтоор угтах болно. “COVID-19”-ийн аюулаас Монгол түмэн тун удахгүй ангижирч, Ардын хувьсгалын 100 жилийн ойг эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн хувьсгал хийсэн амжилтаар угтана гэдэгт итгэл дүүрэн байна. Монголын нийт ард түмэндээ, эрхэм хүндэт гишүүддээ Шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Угтан золгож буй шинэ он Монгол түмэнд хөгжил дэвшил, амар амгалан, аз жаргал, сайн сайхныг авч ирэх болтугай” хэмээв.

Холбоотой мэдээ