Монгол Улс вакцинжуулалтын "КОВАКС" хөтөлбөрийн 4-т бичигдсэнийг мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-25 18:30:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улс, АНУ, Канад, Япон, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудтай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Тэрээр,  Монгол Улсад вакцин нийлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар албан ёсны хүсэлтийг уламжлав.

Манай улсад "COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор УИХ-ын бүх байнгын хорооны дарга нарыг оролцуулсан түр хороо, Сангийн сайдаар ахлуулсан “"COVID-19"-ийн вирусний эсрэг вакцины хангамжийн асуудлыг хариуцах ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллаж байна. Л.Энх-Амгалан нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа цахим уулзалтын үеэр илэрхийлэв.



Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа 20 мянган хүнийг вакцинд хамруулахыг хүслээ



Монгол Улс нь "КОВАКС" хөтөлбөрт хамрагдахаар гарын үсгээ зурж, тухайн хөтөлбөрт хамрагдах улс орнуудын 4 дүгээр бичигдсэн байгааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун цахим уулзалтын үеэр дурдлаа. "КОВАКС" хөтөлбөр нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад "COVID-19"-ийн вакцинийг хүргэхэд туслах олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр юм.


Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүлсэн талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Холбоотой мэдээ