Түүх, соёлын дурсгалт газруудыг тусгай хамгаалалтад авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-24 15:46:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын дурсгалт газруудыг улс, аймгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ сарын 23-ны өдөр хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулахаар боллоо.

Байгалийн баялаг олборлох, иргэдийн буруутай үйлдэл, байгалийн гамшгаас үүдэн устаж үгүй болох, сүйтгэгдэх магадлалтай түүх, соёлын газруудыг хамгаалах хэрэгтэйг зөвлөлийн гишүүд онцолсон.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь цөөхөн буюу гурван ширхэг олдсон  Буган чулуун хөшөө”-г, Хонгор сумын Их Буурал хайрханд орших Хүннүгийн үеийн 27 булш, Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Хүйтний голын Бичигт хадны зосон зураг зэрэг бичээсүүдийг Улсын хамгаалалтын жагсаалтад оруулахаар дэмжлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дахь Адуун чулуун уулын “Суваргатай хад мөн Орхон сумын Адуун чулуун уулын “Өвөрийн бичээс, Хонгор сумын нутаг дахь “Хүйтний хурлын туурь, Суваргатай бичээс бүхий хад, Хонгор сумын ногоон толгойн булш хиргисүүрийг аймгийн тусгай хамгаалалтын жагсаалтад оруулахыг дэмжиж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар болсон аж.

Дээрх газруудыг тусгай хамгаалалтад авахаас гадна Хонгор сумын Хүйтний хурлын туурь, Суваргатай бичээс бүхий хадыг Хамгаалалтын бүс тогтоон, хашаа, хайс хийх саналыг тус хурлаар дэмжин, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар боллоо.

Холбоотой мэдээ