Заган ойгоос түлээ түлш бэлтгэвэл хуулийн арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-22 09:47:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын нэг, хоёрдугаар багийн нутаг дэвсгэрийн заган ойн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, загийг түлшиндээ хэрэглэж байсан хоёр өрхөөс байцаалт авч цаашид үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
Шалгалтыг тус аймгийн Сум дундын ойн анги, экологийн цагдаатай хамтран зохион байгуулсан ба 11 өрхөөр орж, заган ойгоос түлээ түлш бэлтгэх болон бусад зорилгоор хохирол учруулсан тохиолдолд хуулийн арга хэмжээ авах тухай танилцуулга хийж, мэдэгдэл өгсөн байна.
Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой бөгөөд хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм.
Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, салхины хүчийг бууруулан элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг ажээ.
Заган ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дорвитой ажил хийгээгүй, мөн иргэд түлшиндээ ашиглах тохиолдол байгаа учраас заган ойн хэмжээ багасч, байхгүй болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.  

Холбоотой мэдээ