Өвс, хивэг, тэжээлийн нэгдсэн зах байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот орчмын мал аж ахуй эрхэлдэг иргэдэд зориулсан малын өвс, тэжээл, хивгийн нэгдсэн зах байгуулахаар болов.
Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс өвс, хивэг, малын тэжээлийн үнэ
өссөн, мөн худалдаачидтай холбоотой
санал, гомдол ихээр ирж байна. Малчид
хувь хүний гар дээрээс худалдан авдаг бөгөөд хүн бүр дуртай үнэ хэлж,
өөрсдөдөө ашигтай цагт бараа
бүтээгдэхүүнээ худалдаж байгаа нь цар тахлын үед улам хүндрэлтэй байдлыг буй болгож
байна.
Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдолыг дамлан худалдаачид гаргаж байгаа нь ямар нэгэн хяналт, зохицуулалт байхгүйгээс үүдэлтэй. Үүнээс болж малчдын ахуй амьдралд хүндрэл өгөхөөс гадна, малын гаралтай түүхий эд, мах, сүү, цагаан идээ, дайвар бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгааны нэг болоод байна.
Уг асуудлаар ШӨХТГ-аас 12 дугаар сард хяналт, шалгалт хийж цаашид авах арга
хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд болон ХХААХҮЯ-нд хүргүүлснийг Засгийн
газрын хуралдаанд танилцуулсан юм. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХХААХҮ-ийн
сайд З.Мэндсайхантай зөвшилцөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Д.Сумьяабазартай санал солилцсоны дагуу Сонгинохайрхан дүүргийн
нутаг дэвсгэрт Улаанбаатар хотод малын өвс, тэжээл, хивгийн Нэгдсэн зах байгуулахаар СХД-ийн Засаг дарга Алтаншагай болон холбогдох албаны хүмүүстэй
газар дээр нь ажиллажээ.
Уг асуудлыг нэг удаа шийдээд өнгөрөх бус, үндсээр нь буюу дахин энэ асуудлаар иргэд, хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй байхаар шийдвэрлэх юм байна.