Хууль бусаар загасчилсан Хятадын 8 иргэнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-02 08:47:42

ЖАКАРТА. /NHK/. Индонезийн эдийн засгийн онцгой бүсэд хууль бусаар загасчилж байсан Хятадын хөлөг онгоцыг Индонезийн тэнгисийн цэргийн хүчнийхэн саатуулж, хөлгийн багийн найман гишүүнийг баривчилжээ.

БНХАУ үүнтэй холбогдуулан Индонезийн засгийн газарт эсэргүүцэл илэрхийлж,  хөлгийн багийнхныг нэн даруй суллахыг шаардсан байна.

Индонезийн тэнгисийн цэргийн хүчнийхэн энэ сарын 27-нд Хятадын иргэдийг баривчилсан шалтгаанаа “тэд Өмнөд Хятадын тэнгисийн Натуна арлуудын усанд хууль бусаар загасчилсан” гэж тайлбарлажээ.

Тэнгисийн цэргийн хүчнийхний мэдэгдсэнээр, Индонезийн эргүүлийн хөлөг онгоц радиогоор анхааруулга өгсөн боловч Хятадын хөлөг онгоц үл хайхарч, загасчлалаа үргэлжлүүлсэн байна.

Харин Бээжингийн мэдэгдсэнээр, Хятадын хөлөг онгоцны багийнхан ямар ч асуудал үүсгээгүй, буруу зүйл хийгээгүй аж. Индонези улс Хятадтай ямар нэгэн газар нутгийн маргаан үүсгээгүй юм. Харин БНХАУ-ын зүгээс Натуна арлуудын зарим хэсэг багтдаг Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн харьяаны нутаг гэж үздэг ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ