Сүхбаатарын талбайд 300 гаруй хүүхэд үндэсний бүжгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-01 17:41:55

6 сарын 1 Эх үрсийн баярын өдрийг Сүхбаатарын хүүхэд багачууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн баярыг бүх нийтээр “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд баярын арга хэмжээг аймаг сумын ЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа. 1000 гаруй хүүхэд их жанжин Сүхбаатарынхаа талбайд цуглажээ.

Сүхбаатар аймгийн хувьд сүүлийн 3 жилд эх үрсийн баярын өдрийг Нарны хүүхдүүд фестивалийн хүрээнд тэмдэглэдэг болсон. Аймгийн төв төдийгүй 12 суманд хүртэл уг фестивалийн хүрээнд баяраа тэмдэглэж байгаа. Энэ жилийн баярын гол онцлог нь  аймгийн төвийн 10 цэцэрлэгийн 300 гаруй багачууд Монгол үндэсний бүжгээ нэгэн зэрэг хийж сонирхуулсан явдал байлаа гэдгийг Сүхбаатар аймгийн ХГБХХ-ийн дарга М.Туул хэллээ.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Зөв Монгол хүүхэд, Авъяас хөтөлбөрийнн хүрээнд сургууль цэцэрлэгийн хүүхэд багачууд өөрсдийн сурч мэдсэн зүйлээ олон нийтэд танилцуулсан юм.Урлагийн тоглолт, загварын шоу, үзүүлэх тоглолт зэрэг үзүүлбэрүүдээс гадна гар зураг, унадаг дугуйн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдлаа. Мөн урлаг, сурлага, спортоор бусдыгаа манлайлсан сурагчдад аймаг сумын засаг даргын нэрэмжит шагналуудаар шагнаж урамшуулсан юм.

Эх үрсийн баярыг тэмдэглэх цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд иргэд, хүүхэд багачууд ч соёлтой баярладаг болжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ