Мазаалайн идэш хомсдсоор байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-12-15 10:49:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд ховордсон, манай улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн мазаалайн идэш ховордож байгаа талаар байгаль орчны ТББ-ууд мэдээлж байна. Алтайн өвөр говь, Говийн дархан цаазат газарт амьдардаг мазаалай нь махчин амьтны бүлэгт багтдаг ч ихэнхдээ ургамлын үндсээр хооллож, мөн зун элбэгшдэг нөрмөг, царцаа, голио, шавж болон амьтдын сэгээр хооллож, үүгээрээ байгалийг цэвэрлэж, ариутгадаг. 


Тэгвэл сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгой их өсөх болсноор мазаалайн бэлчээр хумигдан шахагдаж, идэш хоол мөн хомсдож буйг байгаль хамгаалагчид мэдээлж байна. 11 дүгээр сараас эхлэн өвлийн ичээнд ордог мазаалай идэш тэжээл хомсдсоноос ургамлын үндэс эрж хугацаанаас хойш ичдэг болоод байгаа аж. 


Мазаалай Алтайн өвөр говийн 1300-2300 метрийн өндөрт орших говийн дунд ба намхан уулсын өндөрлөг дов толгод болон хотгор хуурай газрын нуга сайранд амьдардаг. Мөн мазаалай баянбүрд, булгийн ил задгай устай газрыг бараадан байршиж, ус идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний эзэмшил нутгийг тодорхойлж байдаг юм. 

Мазаалай нь зундаа нэмэх 46 градуст халж, өвөлдөө хасах 34 хэм хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлээс ялгагддаг аж. Амьтан судлаач, мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар мазаалайн тоо толгой 50-аас хэтрэхгүй байна. 



Холбоотой мэдээ