100 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-14 20:34:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сумынхан оны эхэнд 320 мянган толгой мал тоолуулж байсан бол 100 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 214 мянган толгой мал өвөлжүүлж байна. Тус сумаас 8 өрх айл 5 мянга гаруй малтайгаар бусад аймгийн нутагт отроор явжээ. Харин тус суманд говийн сумдаас 92 малчин өрх 60 орчим мянган толгой малтай отроор өвөлжиж байна.

Өвлийн эхэн сар гарсаар хоёр удаа цас орж, мал бэлчээрээс хооллох боломжгүйд хүрснийг малчид хэлж байв. Одоогоор хамгийн багадаа 1 сая төгрөгөөс дээш мөнгөөр өвс тэжээл худалдаж авсан, хаврын сар гартал 10-аад сая төгрөгийг малдаа зарцуулах тооцоо гараад байгааг тэд хэлж байсан юм.

Малчдын дунд адуугаа алдах тохиолдол их байна. Хайрхандулааны малчид алдсан адуугаа Баруунбаян-Улаан, Баянгол, Дундговийн нутгаас олж байгаа бөгөөд муудсан адуу малаа ихэнхдээ ачиж ирж байгаа гэнэ. Түүнчлэн хивэгний үнэ 23 мянгад хүрсэн нь малчдын амьдрал ахуйд хүндээр тусч байгаа ч малаа хорогдуулахгүйн тулд арга буюу авч байгааг олон хүн хэлж байлаа.

Холбоотой мэдээ