Цас орж, хүйтний эрч чангарч шуурахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-12-12 16:13:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-нд төв болон говийн аймгуудын зарим газраар,  маргааш буюу 13-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ анхааруулж байна.

Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Даланзадгад, Цогт-овоо, Манлай сумдын нутгаар өнөөдөр, 12 дугаар сарын 12-нд хүчтэй цасан шуурга шуурахыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, хөдөлгөөн түр хязгаарлах шийдвэр гаргалаа. Үүний дагуу өнөөдөр, 12 дугаар сарын 12-ны 14:00 цагаас мөн сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймгийн төв болон сумаас гарах хөдөлгөөнийг түр хаагаад байна.


Нийт нутгаар хүйтний эрч чангарч буйтай уялдаад гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.


Холбоотой мэдээ