Монгол Улс, ОХУ-ын сэтгүүлчид цахимаар чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-11 17:16:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын медиа чуулган энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. 

Хоёр орны сэтгүүлчдийн уулзалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МНСЭ) болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс хамтран “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор зохион байгуулах аж. Түүнчлэн хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээрх медиа чуулга уулзалтыг зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын бүх сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. 

Энэ нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг бөгөөд ойн хүрээнд мөн ОХУ-ын Шинжлэх ухаан дээд боловсролын яам, Оросын залуучууд, хүүхдийн нэгдлийн үндэсний зөвлөл, Оросын Технологийн их сургуулийн дэргэдэх Олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн (РТУ МИРЭА ) хамтран Монгол-Орос залуучуудын уулзалтыг энэ сарын 3-нд Москва хотноо зохион байгуулаад байна.


Мөн "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Москва хотын Багшийн их сургуультай хамтран “Нээлттэй боловсролын хэрэгсэл, нөөц бололцоо” орос хэл дээрх зайны сургалтыг энэ сарын 4-нд зохион байгуулж, энд Монгол, Оросын тэргүүлэх эрдэмтэн, шинжээч, судалгааны ажилтан, Монгол Улсын нийслэл болон орон нутаг дахь ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн удирдлага, багш сурагч нарын 350 гаруй хүн оролцжээ. 




Холбоотой мэдээ