А.Амбасэлмаа: Шуурхай багийн халдвар судлаач эмч, ариутгагч, лаборант нарыг тусгаарласан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-12-07 11:21:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-ХӨСҮТ-д тусгай ажиллагааны 13-15 баг байгаа гэсэн. Эмч, сувилагч нараас халдвар илэрсэнтэй холбоотойгоор хэдийг нь татан буулгасан бэ. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл хүний нөөцийн зохицуулалтаа хэрхэн хийх вэ?


 А.Амбасэлмаа: Шуурхай ажиллагааны 10 баг байснаас 6 нь голомтод ажиллаж байсан. Шуурхай багийн 6 халдвар судлагч эмч, ариутгагч, шинжилгээ авдаг лаборантыг тусгаарлагдсан. Тиймээс бид халдварын тархвар судлаач эмч, хувийн байгууллагад ажиллаж байгаа эмч нарын нөөцөөс оруулаад, 7 баг ажиллаж байна. Шуурхай хариу арга хэмжээний багийн ард халдварын тархвар судлалын хөтөлбөр төгссөн 30 гаруй мэргэжилтэн байгаа. Хүний нөөцийн хувьд гаднаас сорьц цуглуулах, хоёрдогч хавьтлууд дээр НЭМГ-ын эмч, сувилагч, лаборант нар дайчилгаанд ажиллаж байгаа. Тиймээс хүний нөөц боломжтой байгаа.


-Коронавирусний шинжилгээний хариу гарахгүй удаж байна. Мөн иргэдэд мэдээлэл өгөх тусгай дугаарууд руу залгахад хариу өгөхгүй байна гэж иргэд гомдоллож байна. Энэ талаар тайлбар өгнө үү?


Д.Нарангэрэл: Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч байгаа. Өмнө нь 119.mn цахим хуудас ажиллахгүй байсны улмаас хүндрэл үүссэн. Өчигдрөөс энэ хуудас хэвийн ажиллаж эхэлсэн.

Холбоотой мэдээ