945 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-01 15:39:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 39 дүгээр хурал 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 20 төрлийн үйл ажиллагаа явуулдаг 945 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нээж хэвийн горимд оруулахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал нарт, ариутгал халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэм, өөрийгөө хамгаалах 3 дадлыг сахиулах, хэрэгжилтэд хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Такси болон нийтийн тээврийн үйлчилгээ, хувийн автомашинаар авто замын хөдөлгөөнд 20:00 цаг хүртэл оролцох бөгөөд жолоочоос гадна 3-аас илүүгүй хүн тээвэрлэнэ. Иргэдийн эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх үүднээс насанд хүрсэн иргэдийг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд алхалт хийхийг зөвшөөрлөө.

Түүнчлэн зах худалдааны төв 10:00-18:00 цагийн хооронд ажиллаж барааны лангуу түрээслэгчид 50 хувиар буюу нийт түрээслэгчид өдөр өдрөөр ээлжилж худалдаа үйлчилгээгээ явуулна.

Харин барилгын материалын худалдааны төвүүд, зах ажиллахгүй бөгөөд худалдааг захиалгат хүргэлтээр иргэдэд үйлчлэхийг аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болголоо.

Үйл ажиллагаагаа нээж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд 18 хүртэлх насны хүүхэд болон амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, иргэдийн халууныг хэмжиж, бүртгэл хийгээгүй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хаах арга хэмжээ авч ажиллах тул гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөхийг нийт ААНБ-д анхаарууллаа.

Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг анхаарч ажиллах аж.

Сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хязгаарлах, хяналтын пост, харуул хамгаалалтыг чангатгахыг Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Засаг дарга нарт болон Цагдаагийн газарт тус тус даалгалаа.

Холбоотой мэдээ