Д.Нарангэрэл: 119 дугаарын утсанд өдөрт 4000-5000 хүн холбогдож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-12-01 11:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Голомтод ажиллаж байгаа цагдаа нарын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?


А.Амбасэлмаа: Голомтод цагдаагаас гадна онцгой, тагнуул, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг цагийн хуваарьтай, ээлжээр ажиллуулж амраах, халдвар хамгааллын дэглэм сахиулах, биеийн эсэргүүцлийг сайжруулахад харьяа байгууллагууд нь анхаарч байна. Төрийн албан хаагчдад өөрийгөө хэрхэн хамгаалах, ямар дэглэм барих зэрэг чиглэл өгч, голомтод ажиллаж байгаа иргэддээ төр анхаарал, халамж тавьж байгаа.


-Коронавирусээр халдварласан нь батлагдсан тохиолдлын амьдардаг орон сууцанд эмнэлгийн түргэн тусламж очихгүй байна гэсэн мэдээлэл байна, үнэн үү?


Д.Нарангэрэл: Тийм зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа.


-119 дугаарын утас ажиллахгүй байна. Энэ утас хэзээ хэвийн ажиллах вэ?


Д.Нарангэрэл: Өчигдөр 119 дугаарын утасны сервер унасан. Өнөөдөр хэвийн ажиллаж байна. Өдөрт 4000-5000 хүн холбогдож байгаа учраас ачаалал үүсэж байна. Утас болон техникийн асуудлыг “Интерактив” компани хариуцаж байгаа бөгөөд сервер байгаа газруудынхаа гэмтэл, зөрчлийг арилгаж байгаа.

Холбоотой мэдээ