Улаанбаатараас ирсэн иргэдийг харьяа сум руу нь шууд явуулна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-11-30 19:46:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу ирэх 4576 иргэний бүртгэл судалгааг сумдаас гаргаад байна. Эдгээр иргэдийг 119.mn сайтад бүртгүүлэн PCR шинжилгээг өгч хариу гарсны дараа аймаг руу тээвэрлэх 18 автобус бэлэн хүлээж байгаа юм. Авто тээврийн үндэсний төвөөс аймаг руу автобус гарах бүрт мэдээлэл ирүүлж, энэ дагуу сумдтай холбогдон зорчин ирж байгаа иргэдээ татаж авах талаар үүрэг өгөх аж.

“Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт сумаас иргэдээ замд нь татаж авах бол Хужирт, Хархорин, Бат-Өлзий сумаас иргэдээ шууд тээвэрлэлтээр татан авах боломжтой. Бусад сумын иргэдийг аймгийн Авто тээврийн газраас сум руу нь шууд явуулна. Аймгийн төвд ганц хоёр хоночихоод явна гэсэн ойлголт байхгүй. Автобуснаас хүн нэг бүрийн биеийн байдалд үнэлгээ хийж, ээлж дараатай буулгах учраас иргэдийг тэвчээртэй хүлээнэ гэж итгэж байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдэгдлээ.

Мөн хүн бүр эрсдэлтэй бүсээс ирж байгаа учраас гэрийн хорионы 14 хоногийг ягштал мөрдөх хэрэгтэй. Ирсэн хүн бүртэй харьяалах багаас нь өдөр бүр холбогдож мэдээлэл авна. Утсаа салгах, байршил солих зэргээр зөрчил гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн сануулав.

Холбоотой мэдээ