Бөхөн шарын нуруунд баданга хүдрийг сэргээн нутагшууллаа

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2020-11-30 12:06:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-аас олгосон зөвшөөрлийн дагуу  Архангай аймгийн Булган сумын нутгаас баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшууллаа. 


Монгол орны нэн ховор амьтдын нэг баданга хүдэр хулгайн ан агнуурын улмаас сүүлийн жилүүдэд ховордсоор байгаа.


Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг БОАЖЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж  ”Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг эхлүүлээд байна.


Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг Бөхөн шарын нуруунд баданга хүдрийг сэргээн нутагшуулах бэлтгэлийг мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаачид удирдан өнгөрсөн 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд баданга хүдэр барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг энэ сард амжилттай зохион байгууллаа.


Хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн амьтан судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг, Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар дээрх сумдын засаг захиргаа, нутгийн иргэдтэй хамтран хийв.



“Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна.Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр “Ойн амьтны цагдаа" юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлсон байдаг.


Бөхөн шарын нуруу ийнхүү сонор соргог “Ойн цагдаа”-тай болсон нь тус бүс нутгийн  амьтдын төдийгүй Биологийн олон янз байдлын хамгаалал, эко системийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлэх юм. Сэргээн нутагшуулсан нэн ховор тус амьтдыг хяналтын автомат камер, байгаль хамгааллын бусад тоног төхөөрөмж ашиглан тус бүс нутгийн байгаль хамгааллын байгууллага, байгаль хамгаалагчидтай хамтран нутгийн иргэдэд түшиглэн хамгаалж байна.

Холбоотой мэдээ