Монгол Улс, дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилт дор нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-28 16:14:46

Дэлхийн 193 орны удирдагч 2015 оны есдүгээр сарын 25-нд 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсантай холбогдуулан Монгол улс дахь НҮБ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Тус хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгч нар оролцож, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдээллээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “ Тодорхой нэг зорилго тавиад түүнийхээ төлөө зорьж ажиллах нь сая сая иргэдийг ядуурлаас гаргаж, охид эмэгтэйчүүдийг чадваржуулах замаар тэдний эрх мэдэл болон хариуцлагыг нэмэгдүүлж, хүн төрөлхтөнд эрүүл саруул байж, сайн сайхан амьдрах шинэ боломжийг бий болгож болдог гэдгийг Мянганы хөгжлийн зорилт /МХЗ/-ууд тодорхой харуулж чадлаа” хэмээн онцлоод МХЗ-ын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ыг баталсныг мэдээллээ.

Тэрбээр, ТХЗ нь хоорондоо харилцан хамааралтай тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Сүүлийн гурван жилд, бид ямар дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байгаа талаар судалгааг дэлхийн 8 сая гаруй хүнээс авсан бөгөөд уг судалгаанд Монгол Улсын 5 мянга гаруй иргэн  оролцжээ. /Рио де Жанейро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг баталсан. Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулсан байна.  Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгаж ажиллажээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсад 2001-2015 онд хэрэгжүүлсэн Мянганы хөгжлийн Үндсэн 9 нийт 24 зорилтоос бүрэн биелсэн 3 зорилт байгаа нь Монгол Улсад орж ирсэн эдийн засгийн үр ашгийг иргэн бүр тэгш хүртэж чадахгүй байгаатай шууд уялдаатай болохыг Үндэсний тав дахь илтгэл нотолж байна. Тухайлбал, МХЗ-ын Ядуурал, өлсгөлөнг бууруулах 4 зорилтоос  нэг нь биелэх боломжтой /ББ/, хоёр нь нэмэлт арга хэмжээ авснаар хэрэгжих боломжтой /НАХАХБ/, нэг нь хэрэгжихэд хүндрэлтэй /ХХ/ байгаа бол Бүх нийтээрээ боловсрол эзэмших зорилтын хувьд нэмэлт арга хэмжээ авснаар хэрэгжих боломжтой.

 

Д.Өлзий 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд