"Дарханы нэвтэрхий толь" бүтээж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-27 10:22:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ирэх жил буюу 2021 онд Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохионо. Тус ойг угтан "Дарханы нэвтэрхий толь“ номыг бүтээхээр болсон. Ном бүтээх санаачилгыг Дархан нутаг судлаач, Дархан-Уул аймгийн музейн захирал, дэд профессор Д.Жамбалдорж гаргасан аж. 

Тэгш ой тохиож буй жилүүдэд тухайн аймаг, орон нутгийн тухай ном хэвлэгдэн гардаг ч энэ удаад Дарханыхан нэгэн жарныг хамтдаа туулж, дараагийн шинэ жарантай золгож буй гэдэг утгаар нь өнгөрсөн хугацааны түүхийг нэвтэрхий толь бичигт буулган үлдээхээр болсон гэж санаачлагч хэлж байлаа. Тус номоос Дарханы холбогдолтой түүх, соёл, боловсрол, алдартан зэрэг бүхий л мэдээллийг авах боломжийг хангахын тулд судалгааны ажил, иргэд, төр, төрийн бус байгууллага, ААНБ-уудаас мэдээлэл авч боловсруулах, нягтлах ажил үргэлжилж байгаа гэлээ.

Тус "Нэвтэрхий толь"-ийн зохиогчоор Дархан нутаг судлаач, дэд профессор. Музейн захирал Д.Жамбалдорж, редактораар Монгол Улсын СГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, доктор /Ph.D/, проф. Я.Зэнээмэдэр, доктор /Ph.D/, проф. Я.Мягмарсүрэн, доктор /Ph.D/ З.Нэргүй, доктор /Ph.D/ С.Галбадрах, доктор /Ph.D/ дэд проф. Л.Нарантуяа, зохиолч Ж.Алтангэрэл нар ажиллаж байгаа аж. Харин зөвлөхөөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын дарга асан Л.Гүнчин, МУГД Н.Батлав, АИХ-ын депутат асан Д.Чойжамц, доктор /Ph.D/, Н.Сувдаа, доктор /Ph.D/ Л.Пүрвээ нарын 10 гаруй,  дизайнераар Т.Банзрагч, гэрэл зурагчнаар Г.Анхбаяр, Г.Энхбаяр, номын эх бэлтгэгчээр Музейн хамт олон оролцож байна.

Мөн "Дарханы нэвтэрхий толь"-д материалаа өгөх иргэд, албан байгууллагууд 2021 оны 3 дугаар сарын 15-ны дотор museum.edarkhan@gmail.com хаягаар илгээх бөгөөд 95378215, 99372046, 94110006 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ