“Дархан-50 цогцолбор”-т 500 хүүхдийн баярын жагсаал болно

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-05-29 23:06:26

Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Дархан хотын “Дархан-50 цогцолбор”, “Найрамдал талбай”, “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Төв цэнгэлдэх хүрээлэн” зэрэг газруудад хүүхдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

“Дархан-50 цогцолбор”-т “Зөв Монгол хүүхэд”  хөтөлбөрийн хүрээнд сурлага, урлаг, спортын амжилт гаргасан 500 хүүхдийн баярын жагсаал болох юм. Энэ үеэр олон улс, улс, бүсийн уралдааны шагналт авъяаслаг сурагчдын урлагийн тоглолт, 300 хүүхдийн бие биелгээ, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчдад батламж болон “Гал тоглоом биш” зургийн уралдааны шагналыг гардуулах ёслол болно. Мөн авьяаслаг сурагчид, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд бэлэг гардуулна. “Найрамдал талбай”-д дугуйн уралдаан, үндэсний бөхийн барилдаан, “Гар зургийн уралдаан” зэрэг тэмцээнийг 12-оос доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж шагнал гардуулахаар төлөвлөжээ.

Харин “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д аж ахуйн нэгж байгууллагууд ажилчин албан хаагчдынхаа хүүхдүүдэд зориулж янз бүрийн ажлыг дотоод зохион байгуулалтын төлөвлөгөөнийхөө дагуу зохион байгуулна. Энд “Би дуучин” дууны уралдаан, “Үлгэрийн баатрууд”-ын тоглолт, хөгжөөнт тоглоом, хонжорт тоглоомын сугалаа явуулахаас гадна эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хүнсний болон тоглоомын худалдаа явагдана. Мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг санамж өгөх, бяцхан үрсээ баярлуулах үүднээс жолооч нар машины гэрлээ асааж хөдөлгөөнд оролцох зэрэг ажлууд өрнөнө” гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл Технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ ярилаа.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ