“Архигүй Дархан” уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-29 23:01:08

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар “Архигүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Зөв амьдрал” нэгдсэн арга хэмжээ Залуучууд театрт "Архины хор хөнөөлийг бууруулах нотлогдсон үр дүн, туршлага” сэдэвт сургалтаар эхлэв.

Уг сургалтыг аймгийн ЗДТГ, Эрүүл Мэндийн газар, “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб, “Аз жаргалын эрэлд” ТББ-тай хамтарч зохион байгууллаа. Сургалт “Тархины хүч”, “Архины хор хөнөөл”, “Архины асуудал, гарц шийдэл, туршлага” зэрэг сэдвийн хүрээнд өрнөж төрийн албан хаагч 300 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр “Эрүүл идэвхтэй амьдрал” клубийн гишүүдийн "Бодит үр дүн туршлага"  сэдэвт уулзалт болсон бол “Архигүй амьдрал-бодит үр дүн-туршлага” сэдэвт фото үзэсгэлэн нээгдлээ.

Мөн аймгийн Засаг дарга А.Энхболд:-“Төрийн байгууллагууд ажил үүргээ гүйцэтгэх, зочин төлөөлөгчийг угтаж үдэхдээ, тэмдэглэлт ой баяр ёслолоор архи хэрэглэхгүй байх”-ын тулд “Архигүй хамт олон” болох уриалга гаргав. Аймгийн ЭМГ-аас явуулсан судалгаагаар тус аймгийн иргэдийн архины хэрэглээний тархалтын төвшин 36.6 хувьтай байна гэсэн үзүүлэлт гарчээ. Цагдаагийн газрын мэдээгээр “2015 онд согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэсэн 5869 хүн эрүүлжүүлэгджээ. Үүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 4374 хүн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 456 хүн, удаа дараа эрүүлжүүлэгдэж байнга дарамт шахалт учруулдаг, гудамж талбайд архидан согтуурч танхайрдаг хүн давхардсан тоогоор 1502 байгаа ба үүний 180 нь орон гэр оронгүй тэнэмэл, 126 нь архинд донтох өвчтэй хүн байгаа” аж. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамир:-“Өнгөрсөн онд нийт 792 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 275 буюу 34.7 хувийг эзэлсэн дүн гарсан. Иймээс танхимд архины хамааралтай хүмүүст сургалт явуулж архины хамаарлаас оюун санааны хүчээр татгалзах сэтгэл заслын болон эмийн эмчилгээнд хамруулж байна. Цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлж дэмжлэг үзүүлж нийгэмшүүлэх, ажлын байраар хангахын зэрэгцээ тэднийг дэмжиж ажилласан байгууллага хамт олныг урамшуулах зэргээр ажиллана” гэв.

                                                                                                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ