Ипотекийн зээл авсан 30 мянга гаруй иргэн санхүүгийн эрсдэлээ даатгуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-24 14:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад арилжааны даатгалын салбарыг үүсгэн хөгжүүлсний 86 жилийн ой, “Даатгалын өдөр” өнөөдөр тохиож байна. 


Улсын хэмжээнд даатгалын салбарт 16 компани, 54 даатгалын зуучлагч, 26 даатгалын хохирол үнэлэгч, 2500 орчим даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 1 сая орчим даатгуулагчийн 90 гаруй их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эрсдэлийг дотоод, гадаадын зах зээлд байршуулж, 60 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулдаг.


Сүүлийн нэг жилд 20 гаруй мянган иргэн, байгууллага зам тээврийн ослын улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлж, ипотекийн хөнгөлөлттэй зээлээр орон сууцтай болсон 30 мянга гаруй иргэн санхүүгийн эрсдэлээ даатгуулж, даатгалын 4 хувьцаат компанийн 2 нь Хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтжээ.


Коронавируст цар тахал тархаж, Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед СЗХ даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгалын байгууллагыг төлбөрийн чадвартай, тасралтгүй ажиллахад анхаарч, даатгалын бүртгэл зөвшөөрлийг цахимжуулах, хялбарчлах, даатгуулагчдын эрх ашиг, компанийн засаглалыг сайжруулахаар олон улсын стандартад нийцүүлэн даатгалын багц дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.


Даатгалын компаниуд нийгмийн хариуцлага, ковид-19 вирусний халдварын эрсдэлтэй холбогдох даатгалын хэд хэдэн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлж, цахим горимоор ажиллан, даатгуулагч иргэд, аж ахуй нэгжийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна.

Холбоотой мэдээ