Д.Рэгдэл: Судлаачдын мэдээллийн хангамжийг олон улсын жишигт ойртуулахын төлөө ажиллана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-11-22 17:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 20 дахь удаагаа тэмдэглэж буй шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүллээ.

 

Уг мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулж байна.

 

Эрдэм номын гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй шинжлэх ухааны салбарын ажилтан, ажиллагсад Та бүхэндээ мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх алсыг зорьсон их аяндаа олз омгоор дүүрэн байхын ерөөл өргөж, Монгол Улсад 20 дахь удаагаа тэмдэглэж буй Шинжлэх ухааны ажилтны өдрийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаад дотоод орчин, хүчин зүйлсийн улмаас салбарт тодорхой хүндрэл учирсан хэдий ч Та бүхний хамтын хичээл зүтгэл, ажлын оновчтой зохион байгуулалт, боломж, нөөцөө сайн ашигласны хүчинд шинжлэх ухааны салбарын амжилт, ололт чамлахааргүй хэмжээнд байж чадлаа. Эрдэм шинжилгээний ажлын оны эхний 3 улирлын гүйцэтгэлээр гарч буй үр дүн, түүний тоо, чанарын үзүүлэлтэд үндэслэн ажил үйлсээ ийнхүү өөдрөгөөр үнэлэх боломж олгосон нийт эрдэмтэн, судлаач, ажилтан ажиллагсад Та бүхэндээ их баярлаж байна.


Өнгөрсөн оны намар зохион байгуулсан Шинжлэх ухааны ажилтны Улсын анхдугаар их хурлаас хойш төр засаг шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж, үр дүнд нь 2020 онд манай салбарт хөрөнгө оруулт, бүтээн байгуулалт эрс эрчимжин, “Зууны бүтээн байгуулалт” болох “Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын ажлыг эхлүүллээ. Хандлагын өөрчлөлт, түүнийг дагасан шинэ эхлэл, санаачилгууд нь салбарын ажилтнуудын урам зориг, итгэл найдварыг эрс сэргээж, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх боломжийг улам өргөтгөнө гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Ирэх он жилүүдэд бид бүхэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лабораторийн тоног төхөөрөмжийн болоод судлаачдын мэдээллийн хангамжийг олон улсын жишигт ойртуулах, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын нийгмийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.


Монгол эх орныхоо тогтвортой хөгжлийн төлөө эрдэм ухаанаа улам дайчлан ажиллахыг эрдэмтэн судлаачиддаа уриалж, номын нөхөд эрхэм Та бүхэндээ шинэ эрч хүч, бүтээх урам зориг, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эрдэм номын хишиг буян арвижин дэлгэрэх болтугай.

 

 

Холбоотой мэдээ