З.Мэндсайхан: Хүнсний нөөц хүндрэлийг давах хэмжээнд бүрдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-19 12:26:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдын мэдээллийг хэлэлцэж байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг тодрууллаа. 


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, “Хүнсний хангамж, нөөцийн  хувьд хангалттай байгаа.  Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсэхээс болгоомжилсон” хэмээв.


Сайдын танилцуулснаар, мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног, гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног, төрөл бүрийн будаа 57 хоног, хуурай сүү 30 хоног байгаа бол өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоногийн нөөцтэй байгаа юм. Мөн ургамлын тос 22 хоног, төмс 316 хоног, хүнсний ногоо 62 хоног, элсэн чихэр 60, давс 33 хоногийн  тус тус нөөцтэй байна.


Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК-оос гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн буюу бүх төрлийн будаа, ургамлын тос, ургамлын тосны түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээлийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэсэн дээрх бүтээгдэхүүнийг мөн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.

Холбоотой мэдээ