Б.Ууганбаяр: Нийт хавьталтай 664 иргэнийг тусгаарлан ажиглаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-11-18 11:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус газрын шуурхайн штабын мэдээллийг танилцууллаа.

Тэрээр, "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 тусгаарлан ажиглах байр ажиллаж, энд 1981 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс нийслэлд 26 байранд 1520, аймаг, орон нутаг дахь 13 байранд 461 иргэн байна. Хоёрт, ХӨСҮТ-ийн тандалт, судалгаагаар хавьталд орсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу УОК-ын Шуурхай штабаас өчигдөр орой ажиллагаа явуулж, 85 иргэнийг "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлаад байна. 

Энэ мөчид 11 дүгээр сарын 13-наас хойш нийлбэр дүнгээр 664 хавьтлыг  тусгаарлан ажиглаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 529, аймаг, орон нутагт 135 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Тусгаарлан ажиглах зөвлөмжийг ХӨСҮТ-өөс буюу мэргэжлийн байгууллагаас өгч байна. 

Тусгаарлан ажиглах байруудад онцгой байдлын 61, цагдаагийн байгууллагын 187 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийтдээ төрийн 344 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэв. 

Гэрийн ажиглалтад 89 иргэн шилжсэн. Өнөөдөр 167 иргэнийг ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслэн гэрийн ажиглалтад мөн шилжүүлнэ. Ажиглалтад шилжиж буй иргэдэд 14 хоногийн хугацаанд дэглэмээ хатуу сахихыг анхааруулж байна. 

Өнөөдөр бид хэн нэг албан тушаалтан, байгууллагыг шүүмжлэхээсээ өмнө энэ өвчлөлийн тархалтыг таслан  зогсоох, хор хохирол багатай даван туулахаар ажиллаж байна. Олон нийтийн дунд буруу зөрүү мэдээлэл түгээж байгаа явдлыг таслан зогсоохыг анхааруулья. Ийм зүйл давтагдах юм бол хууль хяналтын байгууллагууд холбогдох хууль эрх зүйн хүрээнд хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгийг тэрээр анхааруулав.



Холбоотой мэдээ