Энхсаран сувиллаас иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа үйл ажиллагааг нь зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-16 15:56:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Энхсаран" сувилалд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлснээр үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэсэн тухай УОК-ын дэд дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өнөөдөр мэдээллээ. 


УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцсэний нэг нь Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу "Энхсаран" сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын хэрэгжилтийн явцыг хуралдаанаар сонссон байна. 


УОК-ын дэд дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, "Сүүлийн өдрүүдэд Энхсаран сувилалтай холбоотой  сөрөг мэдээлэл хэвлэл болон цахим орчинд гарч байна. Энэ бол УОК-ын анхааралд байгаа асуудал. Цар тахал гарч эхлэх үед тусгай нислэг зохион байгуулахтай холбоотой УОК, ЭМЯ-ны тусгаарлах байрыг сонгож байсан. Энэ хүрээнд нисэх буудалд ойрхон, байгалийн таатай орчинд үйлчилгээ сайтай "Энхсаран" сувиллыг сонгож ажиллуулсан. Гэтэл сүүлийн хоёр сарын хугацаанд тухайн сувиллын үйл ажиллагаа доголдож, үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлийн стандарт мөрдөхгүй байх зэрэг гомдол гарсан. Үүний дагуу УОК-ын шуурхай штабаас холбогдох байгууллагын шалгалт гарч энэ сарын 10-нд тухайн сувиллыг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж мэдэгдэл хүргүүлсэн. Тиймээс тэнд тусгаарлалтад байсан 81 иргэн болон 17 үйлчилгээний ажилтанг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Дрийм, Кентаур, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлаад дуусах шатандаа орж байна. Тэдгээр хүмүүст гурван удаа шинжилгээ хийсэн ч голомтлон тархсан байж магадгүй гэж үзээд тухайн иргэдээс давтан шинжилгээ авна. Өмнө нь тус сувилалд гарсан 30 тохиолдол нь гуравдугаар байр буюу 30-100 метрийн зайнд байсан. Хүмүүсийг гарсных нь дараа ч ариутгал халдваргүйтгэлийг хийгээд бүрэн орхисон. Нүүлгэн шилжүүлэх ажил дуусмагц сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсооно" хэмээв. 


Ташрамд дурдахад, улсын хэмжээнд нийт 41 тусгаарлах байранд 1911 хүн ажиглалтад байна. Үүнээс Улаанбаатар хотын 17 байранд 1507 иргэн, орон нутгийн долоон байршилд 404 иргэн байгаа юм.

Холбоотой мэдээ