Хөл хорионы үед үзэх сонирхолтой дөрвөн кино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-15 11:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорионы үеэр үзэх "IMDB"-ээс 6.3-8.8 үнэлгээ авсан сонирхолтой дөрвөн киног санал болгож байна. COVID-19 цар тахлын улмаас манай улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа энэ үед гэрээсээ аль болох гарахгүй байж, дархлаагаа дэмжээрэй. 



1. Чам дээр буух хайрын буулт /Crash landing on you/ 

Киноны үйл явдлаас товч сонирхуулахад, Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй шүхрээр хөөрч байгаад хуй салхины эргүүлэгт өртөж, Хойд Солонгосын хориотой газар нутагт ослын буулт хийж буйгаар кино эхэлдэг. Энэ үед Хойд Солонгосын армийн офицер И Жон Хёктой таарах бөгөөд офицер бүсгүйг тус улсын хуулийн дагуу илчлэх ёстой байсан ч, харин эсрэгээрээ нууж, хамгаална. Үүгээр зогсохгүй буцаж явах төлөвлөгөө боловсруулж өгдөг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам залуус бие биедээ дасаж, хоёр Солонгосын хуваагдал, маргаантай байдлыг үл харгалзан хайр сэтгэлийн холбоотой болдог талаар энэхүү цувралд өгүүлнэ. 


Арван зургаан ангит тус киноны зураг авалтыг Монгол, Солонгос, Швейцар зэрэг гурван улсыг дамнан хийснээрээ онцлог юм. Тус киноны шүхрийн буулт хийдэг хэсгийн зураг авалтад Монголын талаас 180 хүн оролцсон байна. Монголын хэсгийн зургийг "Улаанбаатар төмөр зам”-ын Төв вокзал, Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох хятад ресторанд авчээ. 




2. Бэрсийн дайралт /The Queen’s Gambit/ 

Цувралын үйл явдал 1950-аад онд эхэлж, 1968 он хүртэл үргэлжилнэ. Киноны гол баатар есөн настай Бет Хармон ээжийгээ ослын улмаас алдсаны дараа охидын асрамжийн газар хүргэгдэнэ. Бусад охид айлд өргүүлэхээр сайн охин бoлохыг хичээх зуур Бет асрамжийн газрын цэвэрлэгч, шатрын хорхойтон ноён Шайбелтай танилцаж, удаан хугацааны турш араас нь хөөцөлдөж, гуйж гувшсаны үр дүнд түүгээр шатар тоглохыг заалгана. Төд удалгүй Бет шатрын гоц ухаантан болно. 


Зохиолч Уолтер Тевисийн 1983 онд бичсэн "The Queen's Gambit" зохиолыг Скотт Фрэнк, Аллан Скотт нар хамтран долоон ангит дэлгэцийн бүтээл болгожээ. Киноны гол дүрд жүжигчин Аня Тейлор-Жой тоглосон байна. Тэрбээр аргентин, англи гаралтай, 24 настай залуу жүжигчин бөгөөд "Split", "The Witch", "Glass" зэрэг аймшгийн киноноос анх жүжигчний гараагаа эхэлж байжээ.




3.        Блэкпинк: Тэнгэрт гэрэлтэх нь /Blackpink:Light Up the Sky/

Энэхүү баримтат кино нь дэлхийд алдартай солонгосын К-поп охидын "Blackpink" хамтлагийн тухай өгүүлдэг. Уг киног тэд шүтэн бишрэгчдэдээ зориулсан бөгөөд бодит байдал дээр тайзны ард юу болдог, хэрхэн бэлтгэлээ хийдэг, өдийг хүртэл дэлхийн хэмжээний хамтлаг болтлоо юу туулж ирсэн зэрэг түүхийг өгүүлэх юм.

Мөн гишүүн тус бүр ямар ааш араншин, зан чанартай болох зэргийг харуулснаараа онцлог болжээ.


Ердөө 14-15 настай охид Тайланд, Австрали, Шинэ Зеланд улсуудаас Солонгос улсад дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан ирж, гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон байна. Тэд 4-6 жилийн турш өдөр бүр дунджаар 14 цаг шаргуу бэлтгэл хийсний эцэст 2016 онд "YG Entertainment"-ийн доор "Blackpink" нэртэйгээр хамтлагийнхаа дебютийг хийж, гарч ирсэн даруйдаа 14 хоногийн дотор бүх чартуудыг "WHISTLE" дуугаараа тэргүүлж байсан билээ. Тухайн үед охид одоогийнх шигээ дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартай хамтлаг болно гэж төсөөлж ч байгаагүй байна.




4.        Хитмэн: Мөрдөгч Жун /Hitman: Agent Jun/

Жун амь өрссөн тагнуулын ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэх тодотголтойгоор Тагнуулын ерөнхий газрыг орхиж, эгэл амьдралаар амьдарч эхэлнэ. Вэбтоны зураач болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд хуучин ажлынхаа талаар бичиж, зурж эхэлнэ. Энэ нь амжилтад хүрэхгүй байсанд бухимдсан тэрбээр өнгөрсөн амьдралаа комик болгож эхэлсэн нь киноны үйл явдлыг улам сонирхолтой болгодог.


Киноны гол дүрд Өмнөд Солонгосын жүжигчин Вон Сан У тогложээ. Тэрбээр 2003 онд "Миний сургагч найз" романтик инээдмийн кино болон бусад мелодрам цуврал кинонд тоглосноороо олны танил болж байжээ.


Холбоотой мэдээ