Жижиглэнгээр худалдаалах махны дээд үнийг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-13 16:36:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мах болон хүн амын өргөн хэрэглээний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, үнийн зохиомол хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой аймгийн онцгой комисс ажиллаж байна.

Үнийн хөөрөгдлийг бий болгохгүйн үүднээс  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс гамшгаас хамгаалах хөл хорионы хатуу дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх (худалдах) махны үнийн дээд хязгаарыг тогтоосон аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын баг өнөөдөр 07:00 цагт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж Дархан захын махны бөөний худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийж санал солилцлоо. Мөн худалдаа эрхлэгчдэд махны үнийн дээд хязгаарыг зөрчиж буюу үнэ нэмж худалдаалсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай тайлбарлаж, зөвлөмж өгсөн юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд махны жижиглэнгийн худалдааг хүснэгтэд заасан үнийн дүнгээс дээш худалдаалахгүй, тус тогтсон үнэ болон түүнээс доош байхаар заасан байна. Дархан-Уул аймаг нь газар нутаг багатай түүнийг даган малын тоо толгой бага. Нийт хүн амын махны хэрэгцээний 20 хувийг дотооддоо хангадаг бол үлдсэн хувийг хөрш зэргэлдээ аймгуудаас хангадаг байна. Энгийн өдрүүдэд аймгийн хэмжээнд 2-3 тн мах бөөний үнээр ирдэг бол сүүлийн өдрүүдэд 6-7 тн мах орж ирж байгаа нь махны хомсдолд орохгүй гэдгийг илэрхийлж байна. 

Холбоотой мэдээ