Еврогийн бүсийн Сангийн сайд нар Грект зээл олгохоор шийдвэрлэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-25 14:56:41

АФИН. /ВВС/. Еврогийн бүсийн Сангийн сайд нар Грект тусламжийн зээл олгож, өрийг хөнгөлөхөөр тохиролцсон байна.

Брюссель хотноо болсон хэлэлцээний дараа Сангийн сайд нар Грект 10.3 тэрбум еврогийн зээл олгохоор тохиролцжээ. Грекийн парламент олон улсын зээлдүүлэгч байгууллагуудын  тавьсан шаардлагын дагуу зардлаа танаж, татвараа нэмэх арга хэмжээ авснаар энэхүү зээлийг авах боломжтой болсон байна.

Мөн өрийн бүтцийг өөрчлөх саналыг Грект тавина гэж сайд нар мэдэгдсэн байна. Энэ асуудал нь Олон улсын валютын сангийн /ОУВС/ гол шаардлага байсан бөгөөд тус байгууллага Грекийн улсын өрийн хэмжээ ДНБ-ийх нь 180 орчим хувьтай тэнцэж байна гэж мэдэгдэж байсан билээ.

Еврогийн бүсийн орнуудын 19 Сангийн сайд 11 цагийн турш хэлэлцсэний эцэст дээрх зээлийг олгох шийдвэр гаргасан байна.

"Бид Грекийн асуудалд томоохон дэвшил гаргалаа. Энэ нь Грект санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрт шинэ алхам хийх боломжийг олгож байна" гэж Еврогийн бүлгийн Ерөнхийлөгч Йерун Дижселблоем өнөө өглөө мэдэгджээ.

 

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ