Ипотекийн зээлд хамрагдагсдын 30 хувь нь гэр хорооллынхон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-09 08:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн 30 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхүүд байна. 

Тодруулбал, "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт"-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны 9 дүгээр сарын байдлаар Засгийн газар Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран нийт 5 их наяд төгрөгийн эх үүсвэр бүхий ипотекийн зээлийг 110 өрхөд олгоод байгаагаас нийт зээлд хамрагдсан иргэдийн 30 хувь гэр хорооллын айл өрхийнх байна. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 4-6 хувиар буулгах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд уг зээлийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлж хүүгийн түвшинг жилийн 8 хувиас 6 болгон бууруулсан. Ингэснээр 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн энэ шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл 520 зээлдэгчид 37.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгоод байна. 

Тодруулж мэдээлэхэд, Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах чиглэлээр "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх" гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 


"Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн хүрээнд нийслэлд нийт 27 байршлын 84 хэсгийн гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөөд байгаа"-г Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулах үеэр мэдээллээ. Одоогоор дээрх 84 хэсгийн 40 хэсэгчилсэн талбайд 31 төсөл шалгарчээ.  Үүнээс 26 төслийг хэрэгжүүлэгч ААН-үүд 1899 нэгж талбарын газрыг чөлөөлж 9229 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Харин 5 төслийн хэрэгжүүлэгч нар иргэдтэй гэрээ байгуулж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг хийж байна. 

Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд газар чөлөөлсөн өрхүүдээс 1443 айлыг орон сууцанд хамруулж, 456 өрхийг түрээсийн орон сууцаар хангажээ. 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна хэмээн төлөвлөсөн. Тиймээс гэр хорооллын айл өрхийг түрээсийн болон ипотекийн зээлийн орон сууцанд хамруулж оруулах ажлыг шат дараатай үргэлжлүүлж буйг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ