15 сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хангалт 26,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-07 17:59:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Энэ сарын зургааны байдлаар Дундговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл малчин өрхийн хувьд, 87 хувьтай, мал аж ахуйн салбарын хувьд 70,1 хувьтай байгааг ХХХХГ-аас нэгтгэн гаргажээ.

Өнгөрөгч зун зарим сумын нутгаар бороо хур ороогүй, нийт нутгаар хур тунадас бага байсан тул ургамлын гарц тааруу, мал хангалттай сайн тарга тэвээрэг авч чадаагүй, өвөлжилт хүндрэх аймгуудын тоонд орж байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулж, бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Тус аймгийн 67 багт 7 234 малчин өрхийн 3,5 сая толгой мал, үүнээс 41 818 тэмээ, 172 527 адуу, 73 871 үхэр, 1 890 914 хонь, 1 804 312 ямаа буюу хонин толгойд шилжүүлснээр 4,5 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа аж.

Одоогийн байдлаар 15 сумын Засаг даргын аюулгүйн нөөцөд 603 тн өвс, 161 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 139 тн өвс, 63 тн тэжээл бэлтгэсэн байна. Дунджаар нь авч үзвэл өвсний аюулгүй нөөц бүрдүүлэлт суманд 26,8 хувь, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 26,9 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт.

Малчдын 98,2 хувь нь хашаа хороогоо засч тохижуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, 98,2 хувь нь хоол хүнс, дулаан хувцсаа хангасан, 99,1 хувь нь түлээ,түлшээ нөөцөлсөн, 96,8 хувь нь хүн мал эмнэлгийн эмийн санг бэлтгэсэн, 97,7 хувь нь мал эмнэлгийн арга хэмжээ авсан байгаагаас харахад малчид өвс тэжээлээс бусад хувийн бэлтгэлээ чамгүй хангажээ.

Харин худгийн бэлэн байдал 99,1 хувь, малын усан хангамж  99,1 хувьтай байгаа аж.

Аймгийн хэмжээнд эрэлт их байгаа тул өвс тэжээлийн үнэ ханш өндөр, нийлүүлэлт муу байгаа нь өвс тэжээлээ нөөцөлж бэлтгэхэд тулгамдаж байгаа гол асуудал болж байгааг малчид хэлж байна.

Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус зэрэг сумын малчид орон нутагтаа зусаагүй, одоог хүртэл отор нүүдэл хийж байгаа ба цаашид ч орон нутагтаа өвөлжиж, хаваржих боломжгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ