Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажилд 100 гаруй сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-04 12:37:31

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд хөнөөлт мэрэгч амьтны  тархалт, тандалтын судалгааг энэ оны дөрөвдүгээр сард хийхэд нийт нутгийн 80 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархсан гэсэн судалгаа гарчээ.

Мэрэгч амьтан их тархсан газар цөлжилт үүсдэг бөгөөд тус аймгийн хувьд голдуу тал хээрийн бүс нутагт бэлчээрийн хортон ихтэй байсан бол сүүлийн үед газар тариалангийн бүс нутаг руу орж эхэлжээ.

Иймд бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажил зохион байгуулж Зуунмод сумаас бусад бэлчээрийн хортон ихтэй 26 суманд орон нутгийн төсвөөс 100 сая, улсын төсвийн хөрөнгөөр энгийн механик аргаар 13 суманд 75.0 мянган га талбайд, микробиологийн аргаар 37.5 мянган га талбайд тэмцэх ажлыг тус тус хийсэн. Тиймээс энэ жилийн бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцсэн ажлыг 80.2 хувийн үр дүнтэй хангасан гэж үзэж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Харин өнгөрсөн жил хаврын улиралд улсын төсвийн хөрөнгөөр 42 мянган га-д, намрын улиралд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 40 мянган га талбайд  бэлчээрийн хортонтой тэмцсэн байна. 

Холбоотой мэдээ