Энхтайвны корпус Вьетнамд хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-24 13:14:35

ХАНОЙ. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгын үр дүнд Америкийн Энхтайвны корпус Вьетнам улсад анх удаа үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Обама Вьетнамд айлчлах үеэрээ Энхтайвны корпусын англи хэл заах хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг Вьетнамын Засгийн газарт тавьжээ. Вьетнамчууд саналыг хүлээн авсан байна. 2012 онд тухайн үед Энхтайвны корпус захирлаар ажиллаж байсан Аарон Уильямс Вьетнамд гурав хоногийн хугацаагаар зочлохдоо тус улсад хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судалж байжээ.

“Энхтайвны корпус Вьетнамд үйл ажиллагаагаа явуулахаар болсонд би баяртай байна. Тус байгууллагын сайн дурын ажилтнууд англи хэл заахад гол анхаарлаа чиглүүлж, тэдний бий болгосон найрамдалт харилцаа нь ирээдүйд бидний харилцааг ойртуулан нягтруулна” гэж Б.Обама Ханой хотод өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Бид хөтөлбөрийг эхлүүлэх хэлэлцээр байгуулах асуудлаар Вьетнамын Засгийн газартай хамтран ажиллаж байна гэж Энхтайвны корпус мэдэгджээ. Энэ нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлж, цаашдаа иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх сайхан боломж юм гэж тус байгууллага үзэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ