“Утаагүй Баянхонгор” уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:27:23

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Утаагүй Баянхонгор” эсээ бичлэг, гар зургийн уралдааныг зохион явуулахаар болжээ.

Тус уралдаан энэ сарын 19-27-нд Баянхонгор сумын ЕБС-ын сурагчдын дунд болох бөгөөд шалгаруулалтыг 30-ны өдөр явуулж, 6 дугаар сарын 1-н буюу олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олны хүртээл болгож, шагналыг гардуулна. Шагналын сан 1 сая төгрөг байх ба уралдаанд оролцох бүтээлийг экологийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад ахиц гаргах, шинэ санаа тодорхой асуудлыг дэвшүүлсэн, бүтээлчээр хандсан байдлаар дүгнэнэ.

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор сумын агаарын чанар нь стандартын хүлцэх хэмжээнээс 3 дахин их бохирдолтой болсноор Монгол улсад агаарын бохирдлоороо хамгийн их сум болж, зүрх судас, амьсгалын замын өвчлөлт ихэсч байна. Орон нутагт галлагаатай холбоотой үүсдэг агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хийн дундаж агууламж эрс нэмэгдэж, гурав дахин ихэссэн бөгөөд агаар дахь азотын давхар ислийн агууламж сүүлийн 2 жилд тасралтгүй нэмэгджээ. Энэхүү уралдаан нь төр, ТББ, ЖДҮ, Уул уурхайн компаний хамтарсан 4 талт түншлэлийн хамтын ажиллагаа эхэлж байгаа аж. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, Баянхонгор сумын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шат дараатай ажлууд хийгдэнэ гэж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ