Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг Байнгын хороонд буцаав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 10:11:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч Байнгын хороонд буцаалаа.


Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг хуулийн төслийг Байнгын хороонд буцааж анхны хэлэлцүүлэг явуулах шаардлагатай байгааг дурдаад, горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Ээлжит бус чуулганы үед АН-ын бүлгийн саналаар уг хуулийн төслөөр завсарлага авсан. Түүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд ажлын багаас хэлэлцэх шаардлагатай олон санал гарсан. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд тодорхой санал байгааг харгалзаж анхны хэлэлцүүлгийг дахин явуулсны дараа чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн сонгууль өнгөрчихсөн тул яаралгүй, нухацтай хэлэлцэх нь зүй” хэмээв.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын боловсруулсан уг хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы наймдугаар сарын 21-ний хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед УИХ дахь АН-ын бүлгийн саналаар завсарлага авснаар чуулган өндөрлөсөн юм.

Холбоотой мэдээ