Алслагдсан гэр хороолол “Багийн хөгжлийн төв”-тэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан хотын хөгжлийн бодлогыг шинэ шатанд төлөвлөж ажил хэрэг болгох үүднээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлыг хэрэгжүүлэх үүднээс “Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэн”-гийн захирал М.Батбаярын ахласан баг аймгийн удирдлагууд хамтарч Дархан хотын гэр хорооллын бүст “Багийн хөгжлийн төв”, “Ахуй үйлчилгээний төв” байгуулах мөн хүүхдийн СӨБ-д хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ярилцав. Дархан хотод 2-5 насны 2000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа. Үүнээс Дархан сумын 2, 3 дугаар багийн 250 хүүхэд, 7, 8 дугаар багийн 150 хүүхэд, 10-16 дугаар багийн 430 хүүхэд, “Малчин” багт 150 хүүхэд, “Өргөө” багт 150 хүүхэд тус тус цэцэрлэг хүрэлцээгүйгээс гэрээр хүмүүжиж байна. Эдгээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд дэд бүтэц, орон зайгаа ашиглаж 4, 5 дугаар цэцэрлэгт өргөтгөл хийж тус бүр 50 хүүхэд нэмж хамруулах, 18, 21, 22 дугаар цэцэрлэгийн унтлагын өрөөнүүдийг анги болгон засварлаж стандартын дагуу ариун цэврийн өрөөнүүдийг шийдсэнээр хүүхдийн тоог нэг дахин нэмэгдүүлэх боломжтой. Иймд найман цэцэрлэгийг өргөтгөж СӨБ-ын хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гаргасан тухай аймгийн Засаг дарга А.Энхболд ярилаа. Ингэснээр цэцэрлэгийн хүрэлцээ бий болж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хэн нэгэнд мөнгө өгч, хонон өнжин дугаарлах шаардлагагүй болно гэв.
Б.Норовсамбуу