Токиогийн олимпын өмнөх бэлтгэлийг зарим спортын төрлөөр хамтран хийх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-19 13:58:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсион /Raúl Delgado Concepción/-ыг Спортын төв ордонд хүлээн авч уулзав.

 

Энэхүү уулзалтаар Ц.Шаравжамц: “Бүгд Найрамдах Куба Улсын Спортын яамтай бид өнгөрсөн 4 жилд амжилттай хамтран ажилласан. Би өөрийн биеэр Куба оронд зочилж спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан, энэ чиглэлээр кубачууд өндөр түвшинд хүрсэн. Бид танай туршлагаар Спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааны шинэ төвийг байгуулсан. Тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар бид хамтарч ажиллаж ирсэн туршлага байгаа” гэдгийг онцолсон юм.

 

Элчин сайд Раул Дэлгадо Консепсион: ”Бид ирэх жил болох “Токио-2020” зуны олимпын өмнө Кубын тамирчдыг танай улсад ирүүлж хамтарсан бэлтгэл хийж, хамтарч ажиллахад бэлэн байгаа” гэлээ.

 

Кубын тал 2020 онд Токио хотноо болох Зуны олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэлийг Монголын жүдо, бокс, чөлөөт бөхийн шигшээ баг тамирчидтай хамтран зохион байгуулах саналтай бол Монголын тал Куба улсаас бокс болон волейболын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах сонирхол байгаа аж.  Ер нь хоёр тал волейбол, чөлөөт бөх, жүдо, бокс, гимнастикийн спортын төрөлд хамтран ажиллаж, багш, дасгалжуулагч солилцож, хамтарсан бэлтгэлд хамрагдан туршлагаа хуваалцаж Токиогийн олимпын наадамд оролцох нь үр дүнтэй хэмээн хоёр тал үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ