Төрийн албыг чадавхжуулахад НҮБ-тай хамтран ажиллахыг хүсэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-16 20:18:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчдийнх нь хамтаар өнөөдөр хүлээн авч уулзсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


COVID-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг ноён Тапан Мишра уулзалтын эхэнд онцлоод, НҮБ-аас энэ талаар тууштай дэмжиж хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх болон бусад чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, НҮБ-ын шинэчлэлийн үйл явц, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд олгох хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ЗГХЭГ-тай ойрын үед хамтарч ажиллах боломжийн талаар талууд ярилцлаа. 


Мөн Засгийн газраас санаачлан Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөхөд онцгой анхаарч “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ноён Тапан Мишра талархал илэрхийлсэн.   



Монгол Улсад олон жилийн туршид нааштай хандаж, нийгмийн бүхий л салбарт хамтран тусалж, дэмжиж байдагт НҮБ-д талархаж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон төрөлжсөн байгууллагатай ЗГХЭГ-ын хувьд цаашид хоёр чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байна гээд, төрийн үйлчилгээг цахимжуулах “E Mongolia”-ийн техникийн шилжих ажлыг хийхэд, мөн төрийн албыг чадавхжуулах талд идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.


Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахад талууд санал нэгдсэн.


Энэ онд тэмдэглэж байгаа НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн хэлэлцүүлгийг гишүүн улс орон бүрт зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Монголд нийтдээ 12 уулзалт зохион байгуулаад байгааг ноён Тапан Мишра онцолсон. Мөн Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсны 60 жилийн ой ирэх жил тохиох учраас ЗГХЭГ-аас бүх талаар дэмжихээ Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ