Аймгийн ИТХ-ын 11 дүгээр тойрогт нэмэлт санал хураалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-16 15:57:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгууль өчигдөр болсон. 2020 оны орон нутгийн ээлжит сонгууль Дархан-Уул аймагт 41.52 ирцтэйгээр дууссан байна.

Нийт 65261 санал өгөхөөс 27094 сонгогч санал өгчээ. Аймгийн ИТХ 33 мандаттай бөгөөд үүнээс одоогийн байдлаар 31 мандатыг Монгол ардын нам, ШИНЭ нам 1 суудал авсан бол 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Буяндүүрэн Бие даагч Ж.Баярт-Од нарын санал тэнцсэн ажээ. Иймээс аймгийн сонгуулийн хорооноос дээрх тойрогт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08.00-18.00 цагийн хооронд нэмэлт санал хураалт явуулах талаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүллээ.

Саналын хуудсыг нэмэлт санал хураалтад оролцох сонгогчийн тоогоор хэвлэх бөгөөд уг санал хураалтад сонгуулиа өгч амжаагүй иргэд оролцох ажээ. 11 дүгээр тойргийн нэмэлт санал хураалтад ирц хамаарахгүй бөгөөд 15-ны өдөр сонгуулиа өгсөн хүмүүс дахиж өгөх ямар ч боломжгүй гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. Түүнчлэн 40 хэсгийн хорооны 20 хэсэгт гар аргаар саналыг дахин тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй аж.

Холбоотой мэдээ