УИХ-ын гишүүн Ч.Ундрам Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг өнөөдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Ф.Малоун УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийг дарга болсонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамд баяр хүргээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтож, өдгөө худалдаа, эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг УИХ-ын гишүүн Ч.Ундрам тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, боловсрол, соёл, бизнес, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгаатай санал нэгдэж байлаа. Мөн "COVID-19" цар тахалтай тэмцэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал гэдэгт санал нэгдэж, өнөөгийн нөхцөл байдалд тохируулан төлөвлөсөн ажлуудаа тасралтгүй хэрэгжүүлэхэд талаар ярилцав.