НҮБ-ын ХХААБ-аас Монголд ган гачиг нүүрлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-05-20 17:21:03

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас энэ удаагийн Эль-Нино-ийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй 10-аад улсыг нэрлэж түүний дотор Монгол Улсыг нэр зааж ган гачиг болох магадлалтай гэжээ.

2016 оны бичин жилийн цаг агаарын болзошгүй нөхцөл байдлын талаар үндэсний болон олон улс орнуудын мэргэжлийн байгууллагууд олон дүгнэлт гаргаж байна. Цаг агаарын тохиолдож болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан улс орны нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн салбарт учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөж байгаа юм.

“Энэ жил тохиож буй бичин жилийн талаар янз бүрийн таамаг яриа гарч улс орны эдийн засгийн салбар, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн тухайд эргэлзээ төрүүлэх мэдээлэл мэр сэр гарч байна. 2016 оны цаг агаарын болзошгүй нѳхцѳл байдлын талаар үндэсний болон олон улсын орнуудын мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй дүгнэлтүүдийг үзвэл Монгол улсын нутагт 1631-1939 оны хооронд буюу өнгөрсөн 309 жилд 89 удаа зуд тохиолдсоноос 9 удаа бичин жилд зуд болсон байна. Цаг агаарын хэмжилт хийж эхэлсэн цагаас хойш буюу 1940-2015 оны хооронд 76 жилд 17 удаа зуд тохиолдсоноос 3 удаа бичин жилд зуд болж байв. Эндээс үзэхэд бичин жил бүр ган гачиг, зуд турхан тохиолдох албагүй гэж хэлж болно. Гэхдээ 2016-2017 он бол Монгол Улсын хувьд өөр шалтгаанаар нэлээд онцлог жил болох магадлал өндөр байна. Монгол орны цаг агаарын нөхцөлд шууд болон дам байдлаар нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүдийн нэг болох Эль-Нино (Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл) 2015 он болон 2016 оны гараан дээр урьд өмнө байгаагүй хэмжээнд нэн хүчтэй илэрч байгаатай холбоотой юм. Дэлхийн дулаарлын ерөнхий явцад нэмэлт түлхэц өгч буй энэхүү Эль-Нино болон бусад хүчин зүйлсийн улмаас өнгөрсөн жилийн зун агаарын температур Европт 40 хэм, Ойрхи Дорнодод 50 хэм давж нутгийн оршин суугчдын тэсвэрлэх босгод тулж очсон байна. Монгол Улсын газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох эгзэгтэй цаг үед өнгөрсөн жилүүдэд тохиолдож байгаагүй хэмжээний хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан билээ. Дэлхийн цаг агаар, уур амьсгалын судалгааны тэргүүлэх төвүүдийн мэдээлэлд үндэслэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргаж буй тоймоос үзвэл 2015-2016 оны энэхүү Эль-Нино аажмаар суларч цааш нь Ла-Нина болох магадлалтай байна.

Манай орны хувьд анхаарал татах ёстой зүйл бол энэхүү Эль-Нино цаашлаад Ла-Нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль-Нино аажмаар суларч улмаар Ла-Нина болсон явцтай нэлээд төстэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Монгол улсын олон аймаг сумын нутагт 1999 оноос 2003 он хүртэл үргэлжлэн жил дараалан ган зудын нөхцөл байдал үүсч нийт дүнгээрээ 13 сая гаруй мал хорогдож олон тооны өрх айл орлогын эх үүсвэргүй болж ядуурлын тоо хэмжээ хоёр дахин өссөн билээ. Бэлчээрийн гарц, ялангуяа тариа, ногооны ургацын хувьд хур тунадас, дулааралтын дундаж хэмжээнээс гадна хэзээ, хаана бороо яаж оров, яаж дулаарав гэдэг нь илүү чухал учир үр нөлөөг урьдчилан баримжаалахад төвөгтэй байдаг.

Эль-Нино, түүнтэй уялдсан цаг агаарын нөхцөл байдал нь гандуу эсвэл бороорхуу жил гэх мэт нэг чиглэлийн байдаггүй, эрс тэс үзэгдэл үүсгэдэг, өөрөөр хэлбэл, нутгийн нэг хэсэгт нэн хуурай гантай байхад нөгөө хэсэгт үер бууж байх, эсвэл жишээ нь, нэг хэсэг аймгийн нутагт өвөл, хаврын улиралд ер бусын дулаан байснаа гэнэт их цас орж эрс хүйтрэх гэх мэт онцлогтой. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас энэ удаагийн Эль-Нино-ийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй 10-аад улсыг нэрлэж түүний дотор Монгол Улсыг нэр зааж ган гачиг болох магадлалтай гэсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) эрчимтэй өрнөсөн Эль-Нино-ийн улмаас дэлхийн янз бүрийн бүс нутагт байдаг нутагшмал өвчин идэвхжих, хүрээ тэлэх, зарим төрлийн халдварт өвчин энд тэнд шинээр гарахыг үгүйсгэж болохгүйг анхааралдаа авч түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна. Эль-Нино хэмээх байгалийн энэ үзэгдлийн нийгмийн үр дагаварын талаар судлаачид бас анхаарч өнгөрсөн түүхэн хугацаанд зарим бүс нутаг, улс оронд ган гачгийн улмаас хүнс тэжээлийн хомсдол үүсч өлсгөлөнд нэрвэгдэж улс дотроо болон улс дамнасан үймээн самуунд өртөх, татагдан орох явдал гарч байсныг мөн тэмдэглэж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2016 оны бичин жилийн өнгийг тодорхойлох хүчин зүйлсийг дараах байдлаар тоймлож болох юм. Үүнд:

1. 1997, 1998 оны Эль-Нино түүнийг залгасан Ла-Ниногийн нөхцөл байдал давтагдах магадлал өндөр, 1999-2002 оны ган зудын нөхцөл бүрэн бус ч гэсэн тодорхой хэмжээгээр давтагдаж болзошгүй байгаа;

2. Малын тоо 50 сая давж бэлчээрийн талбай хумигдаж, даац хэтэрч байгаа нь байгалийн гаралтай дарамт дээр нэрмээс болох талтай;

3. Газар тариалангийн эрсдэлийг ашиг орлого, өгөөж өртөгийн талаас нь нарийвчлан тооцох шаардлагатай;

4. Улс орны эдийн засгийн хүндрэл нь байгалийн гаралтай цочмог дарамтыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байгаа;

5. Улс төрийн нөхцөл байдал (Хууль тогтоох засаглал болон орон нутгийн сонгууль) иргэд, хүн олны анхаарлын төвийг нилээд саринуулж байгаа;

6. Олон улсын том хэмжээний арга хэмжээг анх удаа зохион байгуулахтай уялдсан үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдэж байгаа;

7. Гадаад хүчин зүйлийн тодорхой бус байдал (Түншлэгч орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл гэх мэт).

2016 оны бичин жил Эль-Нино зэрэг байгалийн хүчин зүйлийн идэвхжилтэй уялдан нилээд онцлогтой байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгмийн хавсарсан хүчин зүйлийн улмаас Монгол орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, хүн амын амьжиргаа, зарим талаар эрүүл мэндэд эерэг, сөрөг аль ч байдлаар нөлөөлж болзошгүй юм.

Ийм учраас эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд энэ чиглэлээр нарийвчилсан дүгнэлт гаргаж тѳр засгийн байгууллагуудад зөвлөмж болгохын хамт олон нийтэд шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээлэл цаг алдалгүй хүргэх шаардлагатай юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжид тусгажээ.

Холбоотой мэдээ