Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгуулав.
Тодруулбал Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд төслөөс нийт 25 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалтуудад хамруулсан байна.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх аж.
Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм. Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно.
Сургалтад хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтад хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой болж байгаа талаар албаныхан онцолж байв. Мөн шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэгт 15-34 насны залуучууд байгаа. Үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой юм.
Холбоотой мэдээ

